тэтгэврийн даатгал

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр

Тэтгэвэр гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгө юм. Хэрэв та нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол, журмын дагуу тэтгэврийн даатгалд шимтгэл төлж даатгуулсан бол уг сангаас дор дурдсан тэтгэврийг авах эрх эдэлнэ

- Өндөр насны тэтгэвэр;

  – Тахир дутуугийн тэтгэвэр;

 - Тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

Өндөр насны тэтгэвэр

Өндөр насны тэтгэвэр
“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.  Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх Шимтгэл төлвөл зохих хугацаа:

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

- Тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас

- Эмэгтэй даатгуулагч  өөрөө хүсвэл 55 нас

- 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй

өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан

даатгуулагчийн тэтгэвэр авах эрх

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Тэтгэвэр тогтоох нас Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж, шимтгэл төлсөн байвал зохих хугацаа
Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил төлсөн байх, үүнээс:
Газрын дор эрэгтэй 50 10 жил
Хортой, халуун эрэгтэй эмэгтэй 50 45 10 жил 7 жил 6 сар
Хүнд эрэгтэй эмэгтэй 55 50 12 жил 6 сар 10 жил
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо:

-  Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа

-  Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа

-  Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх гэсэн 3 болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.

 Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Бүрдүүлэх материал:

- Нийгмийн даатгалын дэвтэр

- Хөдөлмөрийн дэвтэр

- Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах

- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа

- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл

- Иргэний үнэмлэх

- 2 хувь цээж зураг /3×4/

Тахир дутуугийн тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр
“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.  

Даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

 Шимтгэл төлвөл зохих хугацаа:

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

- Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх

- Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

      Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох

Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:

- 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд

- 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн)  алдсанд тус тус тооцно.

Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ?

-Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Жишээ:

Даатгуулагч “Б” тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.

- 600 000 төгрөг х 48% (45% +(1.5% х(22 жил-20 жил))= 288 000 төгрөг нь бүрэн тэтгэвэрт ноогдох хэмжээ болно.

- Тахир дутуугийн тэтгэврийг дээрх ноогдох хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно: 288 000 төгрөг х 60% = 172 800 төгрөг нь тахир дутуугийн тэтгэвэр болно Дээрх жишээгээр уг даатгуулагчид олгох тахир дутуугийн тэтгэврийн бодит дүн 172800 төгрөг болж байгаа хэдий ч Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251 000 төгрөг тул тэтгэврийг 251 000 төгрөгөөр тогтоож олгоно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ?                                                                                                                                                                                                                                                                                                                                                             – Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Бүрдүүлэх материал:                                                                                                                                                                                                                                                                                                                                                            - Нийгмийн даатгалын дэвтэр            - Хөдөлмөрийн дэвтэр              - Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах - 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа - Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт - Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл - Иргэний үнэмлэх - 2 хувь цээж зураг /3×4/  

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.               Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх Шимтгэл төлвөл зохих хугацаа: - Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх - Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.       Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс  - Төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд - Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд - Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү - Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй  байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү; - Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү; - Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/ - Өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд; - Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил; - Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил; Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:
Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/
3, түүнээс дээш 2 1 100 75 50
Бүрдүүлэх материал:  - Нийгмийн даатгалын дэвтэр - Хөдөлмөрийн дэвтэр - Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах - 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа - Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт - Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт - Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр - Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ - Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл - Иргэний үнэмлэх - 2 хувь цээж зураг /3×4/

Сэтгэгдэл үлдээх


− 3 = 2