A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ҮОМШӨ-ний улмаас эрсдэлд өртсөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгодог.

ҮОМШӨ-ний улмаас эрсдэлд өртсөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгодог.

Аливаа ослыг үйлдвэрлэлийн, ахуйн, ажилтай холбогдсон осол гэж үндсэн гурван хэлбэрт хуваадаг. Жишээлбэл, оффисын ажилтан өглөө ажилдаа явж байхдаа эсвэл цайны цагаар гадуур явж байгаад осолд өртвөл үйлдвэрлэлийн осолд тооцох боломжтой. Учир нь тухайн ажилтан осолд өртсөн тухайн цагт ажлаасаа гарч эсвэл ажилруугаа орох гэж явсан байж болно. Тэгэхээр энэ  тохиолдол ч үйлдвэрлэлийн осолд багтаж байгаа юм. Мөн ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордсон тохиолдолд үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ. Гэхдээ ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа дур мэдэн өөр ажил гүйцэтгэж явсан, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, хууль бус зүйл хийж яваад осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй. Малчин даатгуулагчын хувьд мал маллаж байх үедээ аливаа осолд өртсөн тохиолдолд мөн адил үйлдвэрлэлийн осолд өртсөнд тооцогдоно. Ердийн өвчин болон ахуйн ослын улмаас тэтгэвэр, тэтгэмж тогтооход шимтгэл төлж ажилласан хугацааны болзол  тавьдаг бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас эрсдэлд өртсөн даатгуулагчид шимтгэл төлж ажилласан хугацаа харгалзахгүйгээр тэтгэвэр, тэтгэмж боддогоороо онцлогтой.   ҮОМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон тохиолдолд даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзахгүйгээр авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос хөдөлмөрийн чадвар алдсан хувиар тооцож олгодог. Мөн хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол шимтгэл төлж ажилласан жил харгалзахгүйгээр сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100 хувиар тус тус боддог. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр буюу удаан хугацаагаар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, хиймэл эрхтэн буюу протез, ортопедийн зардал, мөн тухайн хүнийг эргэн нийгэмшүүлэх, хөдөлмөрийн чадварыг нь сэргээхэд зориулж сувиллын хувьсах зардал болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээний зардлыг энэ сангаас гаргадаг байгаа. Хэрэв осолд өртсөн иргэн хөгжлийн бэрхшээлтэй болвол тахир дутуугийн тэтгэвэр олгохоос гадна тэтгэврийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлдөг. Даатгуулагч ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг байгуулан ажиллуулдаг. Тухайн ажилтан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөнөөс хойш 48 цагийн дотор комисс судлан бүртгэж акт үйлдэх ёстой байдаг. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянан баталгаажуулдаг. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн байгууллагын магадлагааг авсан байх хэрэгтэй.

Санал болгох

ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ-ТУСАЛЪЯ аян

Өндөр насны тэтгэвэр тогтоолтын талаар урьдчилан зөвлөгөө өгөх 6 сарын аян 2019.07.01-с 2019.12.31 -ны хооронд …